ART OF UB

Сансар огторгуй улам хурдтай тэлэх тусам алс холын галактикууд биднээс улам
холдож, тэднээс цацарсан гэрэл нүдэнд үл үзэгдэх Infrared (хэт улаан туяа) гэрэл
болон хувирдаг билээ. Тэрхүү гэрлийг харж чадсанаар хүмүүн бид өөрсдийн
ертөнцийн өнгөрснийг “нээсэн” юм.Эрт цагийн галактикууд, хий тоосонцрууд олон
өнгөөр холилдон “Их бужигнаан” үүсгэдэг болов уу?
Өндөрт хөөрч эх дэлхийгээ дээрээс харах хүсэл бол хүн төрөлхтний мөнхийн хүсэл
билээ. Ялангуяа давшгүй өндөр уулын дээгүүр, үүлнээс дээш хөөрөн, бүргэд мэт
дүүлэн нисэж хорвоог тольдохуй дор манант уулс ямархан үзэсгэлэнтэй харагдах
бол?
Сүүн зам, Тэнгэрийн заадал, заадас гээд олон нэртэй манай галактик. Бидний
өлгий, сансарт хөлөглөх аварга хөлөг маань… Түм буман тоосонцрын дундаас
гэрэлтэн харагдана.
Огторгуйд цацрах нэг хэмнэл, онцгой нарийвчлалтай цаг, ойгүй их татах хүч, одны
цөмөөс үлдсэн “бяцхан” мангас. Пулсар болон түүнтэй ижил нейтрон одод
мөргөлдөхөд алт, платинум, уран зэрэг хүнд элементүүд сансарт ихээр цацагддаг
болохыг саяхан нээсэн билээ. Бидний олборлодог алт болон үнэт металлууд ч
ийнхүү үүссэн байх өндөр магадлалтай юм. Та бид сөнөсөн оддын үлдэгдлийг
гартаа атган, биедээ зүүж яваа ч юм бил үү.
Ромын хаадын өнгө болох нил ягаан өнгөнөөс их энергитэй нүдэнд үл үзэгдэх хэт
ягаан туяа. Харахуй хийгээд мэдрэхүй хязгаартай ахул төсөөлөхүй хийгээд
бүтээхүй нь хязгаар үгүй билээ.
Манай нар цагаан өнгөтэй. Цагаан гэрэл нь солонгын долоон өнгө болон задарч бид өнгө өнгөөр хардаг билээ. Тэгвэл аварга одод цэнхэр өнгөтэй байх нь бий. Ховор бөгөөд хүчирхэг тэр оддын туяанд ертөнц хэрхэн харагддаг бол…
Бидний төв. Бид бүгд нартайгаа, гарагстайгаа, хүний гэсэн бүхэнтэйгээ, өнгөрсөн
түүхтэйгээ нэг л төвийг тойрон эргэлддэг. Тэр төв цэгт аварга хар нүх бий. Тэр
нүхийг тойрон аварга одод, тоос тоосонцор тойрон эргэлдэж буй. Их хуй дунд тэр
аварга нүх буй.
Сэр Исаак Ньютон одот тэнгэрийг ажин суухдаа “тэднийг юу ийнхүү хамтад нь
барьж, юу ингэж тойрон эргэлдүүлж байна вэ?” хэмээн бодож суусан болов уу?
Алим толгой дээр нь унаж таталцлын хүчийг нээснээр тэрээр одод ертөнцийн
хөдөлгөөний нууцыг тайлсан юм. Бид түүнийг, тэр тэднийг, тэд нь бас нэгэн тэрнийг
тойрон эргэлдэж байдаг, бид мөнхийн хөдөлгөөнд буй билээ.
Үзэсгэлэн төгөлдөр өнгөний тоглоом хаана байна вэ? 8500 гэрлийн жилийн тэртээ
аварга Карина небулад байна уу? Одод төрөх их өлгий болсон аварга тэр
тоосонцор дунд өнгө өнгийн гэрэл цацран нүд баясган сэтгэл сэргээнэ.
Манай гарагуудын хаан нь болсон Бархасбадь гараг. Аварга гарагийн мандал дээр
эргэлдэх хуй салхинууд нь олон элементүүдийг холилдуулан өнгө өнгөөр уусган
аргагүй үзэсгэлэнт зураг зурах ажээ.
Тэнгэрт анхлан гардаг “Од”. Нарыг бараадан явах тэр гэрэлт “од” бол үзэсгэлэнт
Винусын нэрээр нэрлэгдсэн манай нарны аймгийн хамгийн халуун гараг Сугар юм.
Нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээр бүрхэгдсэн шар гараг дээр амьдрал бий болов
уу? Хүмүүс бид сонирхон удахгүй хиймэл дагуулууд хөөргөнө.
Огторгуй тоосонцроор дүүрэн. Тэр их тоосонцор дунд одод, гарагс, галактикууд
үүсэж байдаг. Мөн тэр тоосонцрууд биднээс алс холын оддыг нууж байдаг юм.
Тоосон үүлэн завсраар алс холын одод хэрхэн анивчин харагддаг бол?
Ертөнцийг тольдох цонх олон янз. Алсыг харуулах цонхоор холыг ширтэх мөчид
таамаглашгүй ертөнцийг олж харан мэлмий юугаа баясгана.
Дэлхийн цөмд юу болж байдаг бол? Халуун лаваар бүрхэгдсэн шингэн төмөр
эргэлдэж, соронзон орон үүсгэж биднийг космик туяанаас хамгаалж байдаг. Тэр
нууцлаг, бидний хэзээ ч хүрч чадахгүй ертөнц бол цөм юм. Цөм байж байж бид
оршиж буй. Хүрч очиж чадахгүй ч төсөөлж бүтээж болно.
Аварга одод насны эцэст хамаг л гадаргаа орчлонд цацан супернова болон
дэлбэрч, зарим нь хар нүх, арай жижиг нь нейтрон од болон үлддэг гэдэг. Хүний
санаанд оромгүй нягт тэр одны 1 куб.см нь 1.000.000.000.000 кг жинтэй гээд
бодохоор орчлон хорвоо ямар сонин хачнаар дүүрэн бэ?
Бид хорвоод ганцаараа юу? Биднээс өөр амьд амьтад энэ хязгааргүй олон гараг
эрхэс дунд байдаг болов уу? Энэ асуултуудын хариуг хайж хүн төрөлхтөн алсыг
ширтэх аварга дурангуудаа өдөр шөнөгүй тэнгэр өөд харуулан суугаа. Хэрвээ бид
амьдрал олбол ямар харагдах бол тэр амьдрал? Эх дэлхий шиг минь ногоорон
харагдах болов уу? Далай тэнгисээр дүүрэн байх болов уу? Тэр гараг. Амьдрал
буйн илрэл ямархан өнгөтэй байх бол?
Бүхнийг багтаагч космос. Хар нүх, одод гарагс, тоос тоосонцор, алт эрдэнэс, агаар хий, нейтрон одод, сөнөсөн дэлхийнүүд, бас бид. Хартай цагаантай, улаантай хөхтэй, шартай ногоонтой, үзэгдэх болоод үл үзэгдэх, жаргал зовлон, уйтгар гуниг, баяр баясал, жижиг том бүгд энэ космос дотор оршин хязгааргүйд тэлсээр 13.8 тэрбум жилийг үджээ. Хэдий холыг туулж, хичнээн цаг хугацааг элээж бидний ертөнц хаа хүрэх бол?
0